Monday, December 22, 2008

Багануур дүүрэг хүүхдийн төлөө төв байгуулж байна

Хүүхдийг сайн хүн болгож хүмүүжүүлнэ гэвэл тэднийг зөв хөгжүүлэх хэрэгтэй гэдэг. Гэсэн ч нийслэл хотод маань хүүхдүүдээ хөгжүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв зүйлд зориулахад чиглэсэн төв тийм ч хангалттай биш байдаг. Тэгвэл нийслэлийн бүх дүүргүүдээс хамгийн түрүүнд алслагдсан дүүрэг болох Багануур дүүрэг хүүхдэд зориулсан төв нээхээр ажиллаж байна. Багануурчууд шинээр байгуулахаар зорьж байгаа хүүхдийн төлөө төвдөө хүүхдэд хэрэгтэй гэж үзсэн бүх зүйлийг багтаахыг зорьжээ. Юуны өмнө тэднээс санал асууж дуртай чиглэлээр нь дугуйлан нээх юм байна. Үүнд гадаад хэлний, зохион бүтээгч, урлаг, экологийн гэх мэт сургалтыг нээх юм байна. Мөн гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдийг дахин ийм үйлдэл хийхээс нь сэргийлэх, тэднийг нийгэмшүүлэх ажил хийх хамгаалалтын өрөөг байгуулан ажиллаж байна. Мөн цагдаагийн хэсэгтээ гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдийг томчуудаас тусад нь байцаах өрөөг нээж ажилаад жил гарны хугацаа өнгөрчээ. Хүүхдэд зориулсан тусгай энэ өрөө нь айж эмээх зүйлгүй байцаалтаа өгөх, хэргээ хүчээр хүлээх, хамгийн гол нь хэрэгт холбогдсон томчуудаас муү дуурайл авахгүй байхад маш их хэрэгтэй зүйл болсон гэдгийг хэлж байсан. Энэ төв бол нийслэлд анх удаа байгуулагдаж байгаа гэдгийг дээр хэлсэн. Тиймээс бусад дүүргүүдэд ийм хүүхдийн төлөө төв байгуулагдах эхлэл нь энэ болох юм. Энэ үүднээс Нийслэлийн хүүхэд залуучуудын газрынхан Багануур дүүрэгт ажиллаж, мэргэжлийн хувьд зөвлөгөө өгөх, тэдэнд хэрэгтэй байгаа зүйл дээр туслалцаа үзүүлэхээр очсон юм. Энэ үеэр тэд Багануур дүүрэг дэхь хүүхдийн гэх тодотголтой бүхий л газраар орж, танилцсан юм. Тус дүүргийн хувьд цэцэрлэгийн болон сургуулийн насны 6700 хүүхэдтэй. Нэг дээд сургуультай, 5 цэцэрлэг, нэг дунд сургууль, хоёр хувийн сургуультай юм байна. Сургууль завсардалт харьцангүй бага гэж тооцогддог дүүргийн тоонд Багануур дүүрэг ордог. Сургуулийн өмнөх насныхны хувьд гэр цэцэрлэгт хамрагдаж байгаа. Дүүргийн хэмжээнд 600 орчим хүүхэд байдгийн 270 хүүхэд нь цэцэрлэгт хамрагдаагүй юм байна. Хүүхдийн төв байгуулагдаж, тэдний хийх томоохон ажлын нэг л хүүхдийн парк байгуулах ажил байгаа. Энэ долоо хоногоос эхэлж байгаа парк барих ажил нийтдээ 200 сая төгрөг шаардлагтай байгаа. Мөнгөнөөс гадна хүн хүч гээд багагүй их ачаалалтай ажил болно. Гэсэн ч Багануурчууд үүнд хэн нэгний гарыг харж, бэрхшээл тоочиж суухыг хүссэнгүй. Та бүхэн яг жилийн дараа манай паркад зочилоорой гэж хэлж байна. Харин бидэнд мэргэжлийн үүднээс заавар зөвлөгөө өгч хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна гэж тус дүүргийн засаг дарга Эрдэнэбат хэлж байсан.

No comments: